2012-06-08,11:57

зөвлөгөө

Хэл сурах нэгэн зөвлөмж


Хэл сурна гэдэг бол нэгэн дор суугаад огцом сайжраад богино хугацаанд сурчихдаг зүйл биш. Гадаад хэлийг сурах тухай асар олон зөвлөмж байдагаас нилээд үр дүнтэй бөгөөд шинэлэг санагдсан нэгэн аргын талаар энд дурдая.

Энэ нь үнэндээ хэл сурах арга гэхээсээ цээжлэж тогтоох арга юм. Тэгэхээр юм тогтоох гэдэг бол хүн амьдралдаа тогтмол хийж байдаг сурах үйлийн нэг хэсэг билээ. Сонирхолтой нь хүн бүр ой тогтоолт адилгүй. IQ-ийн хувьд асар ялгаатай атлаа ой тогтоолтоороо адилхан байх нь ч байдаг байх юм.

Монголчууд дунд нэг ийм үг явдаг. Цээжлэе гэвэл тэр зүйлээ нэг хар. Дахиад 30 секунд болоод бас нэг хар. Дараа нь 3 минутын дараа, 30 минутын дараа, тэгээд 3 цагийн дараа, 3 хоногийн дараа, 30 хоногийн дараа харсан байхад тэр зүйлийг хүн мартахгүй гэдэг. Энэ ч бас ортой бололтой юм. Гэхдээ асуудлын гол нь хүн өдөрт 20, 30 үг цээжлээд эхлэбэл алийг нь 3 хоногийн өмнө, алийг нь 3 цагийн өмнө харснаа хянах аргагүй болдог.

Гэхдээ дээрхийг хянах, дээрх байдлаар тогтоохын тулд барууныхан Flash Card их хэрэглэдэг. Flash Card гэдэг нь нэг тал дээр тогтоох үг, нөгөө тал дээр нь тайлбар бичсэн жижиг картууд юм. Түүнийгээ хаа ч явсан завтай үедээ гаргаад харах бөгөөд санахгүй байгаагаа баруун халаасандаа, санаж байгаагаа зүүн халаасандаа, маш сайн тогтоосноо цүнхэндээ хийгээд байх юм. Ийм замаар бүгд цүнх рүү орох хэрэг л дээ.

Харин энэ Flash Card-ийн арга, дээрх завсарлагаа сунгаад давтах 2 аргыг хослуулсан компьютерийн програмууд эдүгээ хийгдсэн байх юм. Эдгээр програм нь хүн цээжлэх зүйлээ Flash Card болгоод оруулаад байна. Завтай үедээ давтаад хир сайн тогтоосон эсэхээ л хэлэх юм. Харин програм нь Flash Card нэг бүрээр нь түүхийг нь хөтлөн дараа хэзээ таниас асуухаа шийддэг байна. Энд дараа хэзээ асуухыг шийдэх алгоритмыг Spaced Repetition хэмээн нэрлэдэг. Завсарлагтай давтлага хэмээн орчуулья.

Завсарлагааны хэмжээг шийдэх алгоритм нь ямар байхаас хамааран хүн тогтоох, баттай тогтоох, мартах зэрэг нь янз бүр болдог нь их сонин. Үүнийг ажигласан сэтгэл зүй, сурган заах аргын мэргэжилтэнгүүд судалгаа хийн алгоритм тус бүрийн марталтын индексийг гаргасан байдаг.

Тэгэхээр гол санаа нь шалгах тоолонд мэдэж байгаа зүйлс нь хасагдаад мэдэхгүй байгаа зүйл нь үлдээд байх юм. Гэхдээ бүр олон хоногийн дараа мэддэг зүйлсийг маш цөөхөн давталттай дахин асуух замаар мартсан эсэхийг шалгаж мартсан байвал ахиад ойр ойрхон асууж эхлэнэ. Ингэсээр бүх зүйлсийг бүрэн тогтоох бөгөөд эргээд мартахгүй байх баталгааг бүрэн хангадаг юм байна. Ийм боломжийг танхимийн хичээл болон багш гүйцэтгэх боломжгүй нь мэдээж юм.

Энэ алгоритм дээр суурилсан програм хангамжууд олон байдаг. Жишээ нь ийм вебд бүртгүүлээд Англи, Япон хэл болон цээжлэхийг хүссэн юу л байна түүнийгээ насан туршдаа хадгалаад л яваад баймаар юм байна гэж бодлоо.

Жишээ нь доорх веб бол ерөнхий зориулалтын веб. Юу ч хамаагүй цээжлэхэд хэрэглэж болох ба юникод дэмждэг тул Япон, Монголоор ч оруулж болно.
бичсэн: сургалтын блог төрөл: зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 206

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)